Боловсролын Реформ Үндэсний Хөтөлбөрөө Сайжруулахаас Эхэлнэ

“ШИМТ Боловсрол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор Ц.Хос-Очиртой боловсролын шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

-Кембрижийн стандарт нэвтрүүлэх эсэхтэй холбоотой мэтгэлцээн сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Энэ талаар та багш хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Боловсролын чанарыг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах нь халуун сэдэв болоод байгаа нь үнэхээр сайн хэрэг. Улсын хөгжил иргэдийн, тэр тусмаа ирээдүйн иргэдийн сайн боловсролоос шууд хамаарах нь ойлгомжтой. Боловсролын тэгш хүртээмж нийгмийн давхаргын ялгааг ч бас арилгана.

Харин сайн боловсрол гэж юу вэ, Монголын боловсрол сайн уу эсвэл муу юу, боловсролыг хэрхэн сайжруулах гэдэгт л асуудлын гол нь байна л даа. Сайн боловсрол гэдгийг олон үзүүлэлтээр үнэлэх байх. Ерөнхий боловсролын хувьд авч үзвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PISA (Programme for International Student Assessment) хөтөлбөр 15 настай хүүхдүүдийн асуудал шийдэх, танин мэдэхүйн чадварыг үнэлдэг. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын материал нь олон улсад стандартад нийцсэн арга зүйгээр хүүхдийн мэдлэг, чадварыг шалгадаг байхаар бэлтгэгдсэн гэж үзвэл ЭЕШ-ийн дүнгээр, эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөтөлбөрийг дүүргэж зохих шалгалт өгсөн үнэлгээгээр гэх зэргээр тухайн улсын боловсролыг үнэлж болно гэж үзье.

Тэгвэл ЭЕШ-ийн дүнгээс харахад байгалийн ухааны хичээлийн үнэлгээ маш хангалтгүй байна. Энэ нь багш нарын, эсвэл сурагчдын муугийнх биш юм. Энэ нь сургалтын стандарт, сургалтын хөтөлбөр, заах арга зүйг нийгмийн хөгжил, технологийн өөрчлөлттэй уялдуулж өөрчлөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. Байгалийн ухааны хичээлийн үнэлгээ маш хангалтгүй байгаа нь багш нарын, эсвэл сурагчдын муугийнх биш. Харин сургалтын стандарт, хөтөлбөр, заах арга зүйг нийгмийн хөгжил, технологийн өөрчлөлттэй уялдуулж өөрчлөөгүйтэй холбоотой.

Тиймээс улсаараа шууд Кембриж тогтолцоонд шилжихгүйгээс хойш Кембриж болон бусад шилдэг стандартаас авах авч нутагшуулсан үндэсний стандарт, хөтөлбөрөө сайжруулах нь өнөөдөр хамгийн чухал болоод байна.

-Ерөнхий боловсролыг хэрхэн сайжруулах вэ? Ямар арга замууд байж болох уу?

-Хичээл заах арга барилаа өөрчлөх, үндэсний сайн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Тэр сайн хөтөлбөрийг бүх сургууль хэрэгжүүлдэг байх, сурагчдын мэдлэг чадварыг үнэлдэг шалгуур үнэлгээний систем нь тодорхой байх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг олон жилийн туршлагатай сайн багш нарын туршлагыг тусгах. Энэ бол жинхэнэ үндэсний хөтөлбөр болно.

Бид олон улсын боловсролын чиг хандлагыг судалж үзээд сурагчдад сонирхолтой, шинэлэг арга зүйгээр, орчин үеийн нийгмийн хэрэгцээг хангах мэдлэг чадварыг олгодог STEAM буюу ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженеринг, Мат, Технологи, Арт) цогц хөтөлбөрийг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. Нутагшүүлна гэдэг нь хуулах, орчуулан шууд хэрэглэх биш. Харин агуулгыг нь хадгалж, хичээл заах арга зүйг нь Монгол ахуй, соёл, монгол хүүхдийн сэтгэлгээнд нийцсэн байхаар өөрчилж үндэсний контент бий болгох юм.

ШИМТ+ хөтөлбөрт физик, хими, биологи, технологи, математик, мэдээллийн технолги зэрэг бүх сэдвүүдийг хамруулж шинэ зууны иргэдэд шаардагдаж байгаа “4С” буюу Creativity (бүтээлч чадвар), Communication (харилцааны чадвар), Cooperation (багаар ажиллах чадвар), Critical thinking (шүүмжит логик сэтгэлгээ)-ний чадваруудыг эзэмшүүлэх цогц хөтөлбөр болгох нь бидний зорилго. Бид одоогоор хөтөлбөрийн эхний хувилбар болох 1-6-р ангид зориулсан Суралцахуйн лаб 1.0-г гаргаад, 3 сургуультай хамтран ажиллаж байна. Цаашлаад дунд ангид зориулсан хөтөлбөр, хичээлийн агуулгыг өргөтгөн гаргахаар ажиллаж байна.

-ШИМТ+ хөтөлбөрийн онцлог нь юу вэ? Уг хөтөлбөрт хамрагдсанаар дээр дурдсан чадваруудыг эзэмшинэ гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ. 21-р зууны иргэдэд зайлшгүй хэрэгтэй чадваруудыг Дэлхийн Эдийн засгийн Форум тодорхойлж гаргасан байдаг. 2020 онд зарласан топ 10 чадварууд:

  1.  Комплекс асуудал шийдвэрлэх
  2.  Шүүмжит логик сэтгэлгээ
  3.  Бүтээлч байдал
  4.  Хүмүүсийг удирдах
  5.  Бусадтай зохицож ажиллах
  6.  EQ буюу сэтгэл зүйн итгэлцүүр
  7.  Дүгнэлт, Шийдвэр гаргах
  8.  Үйлчилгээний хандлага
  9.  Зөвшилцөх
  10.  Уян хатан танин мэдэхүй

Технологийн хувьсгалаас үүдэн ирээдүйд олон хүмүүс ажлын байраа роботод алдах эрсдэлтэй байна. Гэхдээ роботод дээр дурдсан зөөлөн ур чадварууд байхгүй учир ийм чадварыг эзэмшүүлэхэд анхаарч байгааг доктор, профессор Д.Бадарч Боловсролын хүрээлэнгийн 2019 оны ЭШБ-т дурьдсан байна. Мөн тэрээр Боловсролын системийн хамгийн том өөрчлөлт бол Багшлахаас суралцахуйд шилжих шилжилт гээд энэ өөрчлөлтийг Боловсрол 4.0 гэж нэрлэдэг болохыг тэмдэглэжээ.Технологийн хувьсгалаас үүдэн ирээдүйд олон хүмүүс ажлын байраа роботод алдах эрсдэлтэй байна. Гэхдээ роботод зөөлөн ур чадвар байхгүй.

ШИМТ+ онцлог нь сонирхолтой байдлаар, үйлдэн суралцах арга зүй. Хамгийн гол нь хүүхэд хийж буй зүйлдээ дурлана, дуртай зүйлээ хийж байх үедээ анхаарал төвлөрөлт хамгийн сайн байдаг. Хичээл нь бодит асуудал шийдэх төслүүд (Project Based Learning)-ийн жижгэрүүлсэн хувилбарыг насны онцлогт тааруулан багш сурагчид багаараа хэрэгжүүлдэг.

-Яагаад ШИМТ+ хөтөлбөр ирээдүйн иргэдэд зайлшгүй шаардлагатай чадваруудыг олгоно гэж?   

-Харахад лекц сонсоноор, уншсанаар суралцагч 5%, 10%-ийг ойлгодог бол харилцан хэлэлцэх, өөрсдийн гараар туршилт хийх нь мэдлэг олж авах хамгийн сайн арга ажээ.
STEAM хандлага нь инноваци өөр өөр мэргэжлүүдийн огтлолцлоос бий болдог гэсэн ойлголт дээр суурилдаг. Эдгээр судлагдархууныг нэгэн зэрэг судалснаар суралцагч бүгдийнх нь мэргэжилтэн болоод байга юм биш. Харин тодорхой асуудлыг шийдэхдээ илүү өргөн өнцгөөр нь харах, зөв таньж мэдэх, илүү цогц мэдлэг, харга барилыг бий болгоход тусалдаг. STEAM нь зөвхөн ирээдүйд бэлтгэх чадвар суулгахаас гадна сургалтыг хурдасгах боломжит шинэ арга барил юм. Энэ боломжийг хүүхдүүдэд аль болох эрт, цаг алдалгүй олгох ёстой.

-ШИМТ+ буюу STEAM олон улсад хэрхэн хэрэгждэг вэ?

-Физикийн нийгэмлэгийн 2019 оны шилдэг илтгэлээр шалгарсан МУИС, ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор М.Ганбатын илтгэлд “Дэлхийн ихэнх улс орнууд STEAM-ийг хөгжүүлэх чиглэлээр маш их анхаарч байгаа бөгөөд зарим улс орнууд маш эрчимтэй, үр бүтээлтэй, өргөн хүрээтэй стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. STEAM дэлхий даяар бодлого боловсруулагчдын хувьд бусдаас түрүүлж барьж авах чухал чиглэл” гэсэн байна.

Зарим улс орнуудад сургалтын чанар хэрхэн өөрчлөгдсөнийг тухайн улсад STEAM хөтөлбөрийг ямар хэмжээнд хэрэгжүүлж байгаатай харьцуулан үнэлж болно. Тухайлбал PISA хөтөлбөрийн судалгааны үнэлгээгээ ахиулах зорилготой улс орнууд STEAM хөтөлбөрийг илүү далайцтай хэрэгжүүлэхээр бодлого гарган ажиллаж байна. АНУ гэхэд 1000 багш бэлдэх, STEАM сургалт-Төсөл, тэмцээн уралдаан, шинжлэх ухааны үзэсгэлэнд гар бие оролцоход сургах гэх мэт тодорхой зорилт тавин ажиллаж байна. Европын холбооны улсуудын 15 настай суралцагчдын дөнгөж 15%-ийн сурлагын амжилт олон улсын дунджаас дээгүүр байгааг хангалтгүй гэж үзэн SТЕАМ боловсролыг үндэсний хэмжээний асуудлуудыг шийдэх гарц болгон тодорхойлж байна. Японы сурагчдын үнэлгээ буурсныг заавал үзэх STEAM-ийн цагийг багасгасантай холбоотой хэмээн үзэж бага ангийн байгалийн ухааны цагийг 10%-аар нэмэгдүүлсэн байна.

-Өнөөдрийн боловсролын хүртээмжийн тэгш бус байдлыг арилгахад ШИМТ+ хөтөлбөр үр дүнтэй байж чадах уу?

-Тийм. Үнэхээр боловсролын тэгш бус байдлын хувьд өндөр төлбөртэй хувийн сургууль, орон нутгийн улсын сургуулийн хооронд маш их зааг ялгаатай болчихлоо. Нэг хэсэг нь улсын их дээд сургуулийг голоод орохгүй гадаадын сургуулиуд руу явж байгаа бол нөгөө хэсэг нь улсын их дээд сургуульд тэнцэж суралцах нь том сорилт болоод байгаа. Боловсролын энэхүү тэгш бус хүртээмж нь улмаар нийгмийн давхаргын ялгааг насан туршийн болгож байна.

Нөгөөтэйгүүр суурь шинжлэх ухаануудын хичээлээр багш нарын ур чадвар, сонгож авсан хүүхдүүд, материаллаг орчин зэрэгтэй холбоотойгоогоор өндөр төлбөртэй элит сургууль, улсын буюу нийтийн сургууль хоёрын хооронд зайлшгүй ялгаа гарч байдаг.

Энэ ялгааг арилгаж дутагдаж буй ур чадваруудыг нөхөхөд ШИМТ хөтөлбөрийн нэмэлт сургалт чухал үүрэгтэй. Тиймээс ч бид өөрсдийн боловсруулж буй хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг улсын сургуулиудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх бодлого барьж байна.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency