Ц.Хос-Очир: “ШИМТ+” хөтөлбөр нь хүүхдэд амьдралынх нь туршид хэрэглэгдэх чадвар, дадал, хандлагыг суулгадаг

ШИМТ+ буюу Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологийн мэдлэг олгох “бүтээлч боловсролын төв” нээгдээд удаагүй байна. Тус төв нь STEAM боловсролын Монгол агуулгыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

STEAM бол Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн үгийн товчлол билээ.

Ихэнх сургалт, боловсролын төвүүд хүүхдүүдийг академик боловсролоор “нүдэж” залхааж орхидог сул талтай. Харин энэхүү ШИМТ+ хөтөлбөрт /энд дарж фэйсбүүк хуудсаар нь орно уу/ хамрагдсанаар таны хүүхэд хорвоо ертөнц, эргэн тойрноо танин мэдэх хүсэлд хөтлөгдөж, шинжлэх ухаанч, аливаад бүтээлч хандлагатай хүн болон төлөвшдөгөөрөө давуу талтай.

Хүүхдүүд тоглонгоо хэрхэн сонирхолтой байдлаар шинжлэх ухаантай танилцаж болох сургалттай, орчныг хүүхдэд ээлтэй, тав тухтай байхаар тохижуулсан энэхүү төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн гүйцэтгэх захирал, Физикийн ухааны доктор PhD Ц.Хос-Очир, тус төвийн зөвлөх проф. М.Ганбат нартай ярилцлаа.

-Хүүхдүүд ийм багаасаа шинжлэх ухааны туршилтыг хийж байгаа нь сонирхолтой санагдлаа. Яг ямар төрлийн туршилт, хичээлүүд ордог байна вэ?

-Ц.Х: Бид хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг үйлдэн суралцах арга зүйгээр дамжуулан олгодог. Энэ нь олон улсад ихээхэн хөгжиж байгаа STEAM туршилтын хэрэгсэл дээр хүүхдүүд ажиллаж, өөрсдөө багажаа угсарч, шинжлэх ухааны туршилт хийх замаар шинжлэх ухаанч хандлагаа хөгжүүлж, технологийн хэрэглээнд суралцаж буй явц юм.

ЕБС-д физик, хими, математик, технологи гэх мэт хичээлийг заахдаа голдуу уламжлалт хэлбэрээр мэдээлэл өгөх, бодлого бодуулах,  тодорхой хэмжигдэхүүнийг тодорхойлох туршилт хийх аргаар явуулдаг. Харин бид сонирхолтой болгохын тулд зугаатай байдлаар шинжлэх ухаан, инженерчлэлийн ур чадварыг бие даан эзэмших боломж олгоход анхаарч байна.

Тухайлбал, энэ бол хосолсон хөдөлгүүрт буюу hybrid машин. Хүүхдүүд машинаа угсрахын тулд эхлээд батерейг өөрсдөө хийдэг юм. Хүүхдүүд батерей л гэж мэдэхээс биш яг юугаар хийдэг, хэдэн төрөл байдаг, цэнэглэдэг бас цэнэглэдэггүй нь юугаараа ялгаатай талаар ойлголт багатай. Харин энд хүүхдүүд машинаа угсарч ажиллуулахын тулд давсны уусмал ашиглаж батерей хийнэ, хийснээ сайжруулахын тулд давсны орцыг тааруулах туршилт судалгаа хийнэ.  Давсны орцоороо ялгаатай уусмалууд бэлтгэж, хүчдэлийг хэмжин машинаа ажиллуулах туршилт хийнэ. Давсны оронд элсэн чихэр хүртэл хийж үзэн юу болохыг туршиж үзнэ. Багшийн удирдлага доор ажиллаж байгаа учраас ойлгохгүй зүйлээ багшаас асуудаг. Зарим хүмүүс леготой төстэй юм уу гэж асуудаг юм. Үнэндээ леготой угсардаг хэсгээрээ л адилхан, бусдаар хичээл болгоны эхэнд хүүхдэд яг юу хийх, ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгааг хэлэлцэнэ, тоглоомоо утга учиртай угсарна, дараа бодит туршилт хийнэ, мэдлэг бүтээнэ, уг сэдвээ бүрэн ойлгосон эсэхийг шалгах бүтээлч даалгавар хийдгээрээ олон давуу талтай юм. 

Лего тодорхой нэг зүйлийг хийгээд дуусдаг бол энэхүү шинжлэх ухаанч тоглоомууд дээр жишээ нь машин угсарсан бол араа, шүд нь хоорондоо хэрхэн уялдаж ажиллаж байгааг, хүчийг хэрхэн тааруулах ёстойг гээд тухайн эд юмсын үйл ажиллагааг ажиглаж, тэдгээрийн харилцан хамаарал учир шалтгааныг олох эрэл хайгуул хийдгээрээ давуу талтай. Ингэж учрыг нь ойлгосон хүүхдүүд бие дааж өөрсдөө бүтээлч даалгавар хийхдээ түүртдэггүй. 

Хэрэв ойлгоогүй бол багш нь чиглүүлж, бага зэрэг дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Хүүхдийн паркийн жижигрүүлсэн хувилбар дээр ажилласан хүүхдүүд тэнд байдаг тоглоомууд ямар технологиор яаж ажиллаж байгааг нь сурна гэсэн үг.  Сэдэв болгон өөр өөрийн онцлог хичээлтэй. Химийн батерей гэдэг сэдвийн дор өөр өөр агуулга бүхий 20 гаруй хичээл бий. 

-Эцэг эхчүүд энэхүү шинэлэг арга барилыг хэрхэн ойлгож хүлээж авч байна вэ?

-Ц.Х: Төв маань нээгдсэн цагаас хойш эцэг эхчүүд сургалтын арга барилын талаар нэлээд асууж сонирхож байна. Ихэнх эцэг эхчүүд STEAM-ийн талаар “тоглоом” гэдэг андуу төсөөлөлтэй яваа нь анзаарагддаг. Харин сайн тайлбарласны дараа үнэхээр хүүхдэд хэрэгтэй өвөрмөц шинэ сургалт гэж хүлээн зөвшөөрдөг. Манай төвийн хөтөлбөр сургалтыг сонирхож ирсэн нэг хүүхдийн аав “Одоогийн цаг үе сайхан болжээ. Бид багадаа юмны учир шалтгааныг олох гэж янз бүрийн оролдлого хийсэн. Цагны араа, схем яаж ажилладгийг нь мэдэх гэж эвдэж байлаа. Гэтэл одоо хүүхдүүд тойрч суугаад л тоглонгоо л тухайн техник хэрэгсэл яаж ажилладаг талаар ойлгоод авчихдаг болсон байна. Хүүхдэд шинжлэх ухааны бүтээлч сэтгэхүй чухал” гээд хүүхдээ сургахаар болсон.

Бид эхлээд суралцахаар ирсэн хүүхдэд эхлээд тухайн үзэж байгаа сэдэвтэй нь холбоотой танин мэдэхүйн ойлголтыг өгдөг. Тухайлбал түрүүн ярьсан хослосон хөдөлгүүрт машин гэдэг хичээл дээр яагаад батерей эсвэл бензин, шатахуунаар ажилладаг болон араа шүд нь хоорондоо уялдаатайгаар хөдөлдөг тухай танин мэдэхүйн ойлголтоор хичээл эхэлдэг. Хэрэв газрын тос дуусвал машиныг хэрхэн ажиллуулах вэ гэсэн асуудал дэвшүүлж нэг шийдэл нь батерей юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Дараа нь зааврын дагуу машинаа угсарна. 

Ажиглалтаар туршилт хийлгэснээр хүүхэд өөрөө өөртөө системтэй мэдлэг бий болгож байгаа юм. Нэг удаагийн хичээлээр тухайн хичээлийн агуулгаас хамаараад хоёр ч хичээл үзэх боломжтой. STEAM-ийн сургалтад хамрагдсанаар хүүхдийн авьяасыг багаас нь нээж, цаашдийн мэргэжил сонголтод нөлөөлөх боломжтой.

-Код бичиж сурах хичээл хүртэл байгаа гэсэн. Хэдэн насныхан энэ хичээлд хамрагдах боломжтой вэ?

-Ц.Х: Орчин үеийн боловсролын хандлагын нэг нь кодын сургалт. Бага насны хүүхдүүд жижиг машиныг хэрхэн ажиллуулахыг зорьж байна түүгээрээ зориулалтын карт цувуулж зам тавиад машинаа явуулдаг юм. Ингэснээр машин нь програмчлагдаж байна гэсэн үг. Одоо машинаа хотын угсарсан газрын зураг дээр машинаа явуулахаар нөгөө уншуулсан программын дагуу явдаг гэсэн үг. Жижиг карт болгон нь цаанаа код, програмчлалын хэлний талаар ойлголт авна. Дунд ангийнханд зориулсан төхөөрөмжүүдийг утсаараа код бичээд удирддаг. Урдаа мэдрэгчтэй учраас саад таарвал буцаж эргэнэ. Манай төвд орж байгаа бүхий л хичээлүүд шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *