Технологи

STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол. Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага.

Улс орнуудын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл бол иноваци юм. Иновацыг үр ашигтай хөгжүүлж, нэвтрүүлэх гол хөдөлгөгч хүч болсон авьяастай, чадвартай, нарийн мэргэшсэн боловсон хүчний хомсдолд дэлхий нийтээрээ орох магадлалтай байна. Мөн дижиталчлал, робот технологи хөгжих тутам нэгэн хэвийн давтагдсан үйлд суурилсан олон ажил мэргэжил хүний оролцоогүй болох хандлагатай болсноор STEАM–д суурилсан суурь боловсрол ба мэргэжилтнүүдийн үе иржээ.

ШИМТ+ бол когнитив сэтгэл судлалаас метакогнитив онол, гадны удирдлагатай суралцахуйгаас өөрийн удирдлагатай суралцахуйд, баталж нотлох эрэл хайлтаас нээлттэй эрэл хайлтад, сэдэвт суурилсан судлагдахуунаас мета судлагдахуунд, салангид чадвараас цогц чадамжид, улмаар мета цогц чадамжид шилжиж буй боловсролын шинэчлэлийн тусгал юм.

Сүүлийн үеийн судалгаагаар STEAM сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс өсч байсан бөгөөд багшийн ажлын үр дүн ч сайжирч байна гэсэн байна.[1]


Монгол улсад 2017 оны 9-р сараас бага боловсролд STEM сургалтын зарим агуулгыг туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн. Уг сургалтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх мониторинг судалгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид болон үндэсний сургагч багш нар 15 аймгийн 60 сургууль, нийслэлийн 27 сургууль нийт 87 сургууль дээр явуулсан. Судалгааны үр дүнд STEM сургалтад хамрагдснаар сурагчдын багаар ажиллах болон бүтээл чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэх хандлагатай гэж дүгнэсэн байдаг. [2] Мөн багш нарын хувьд хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадвах эрс өссөн гэж хариулжээ.

Боловсролын шинэчлэлд гар бие оролцон STEAM сургалтын Монгол агуулга хөгжүүлэх зорилгоор “Шимт Боловсрол” ХХК байгуулагдсан.

© 2024 он. STEAM. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency